Аавдаа
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор ижийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.