Аав бидэн хоёр
Нэрийг минь хайрласан хvн – Аав
Нэгэн биеийг минь заяасан хvн – Аав
Нээгдэж амжаагvй өргөст цэцгийг орхиод
Нэн эрт явсан – Миний Аав !
Цанид номын тарнийн vсгээр
Цаст Гималайг давуулан авчирсан
Хvн бvхэнд байдаггvй нэрийг баруун чих минь
Х.Цэрэнсодном бус Гилогринчинээс
Хэлж өгсөн юм гэсэн
( Санавал аав минь тэр зvгийн номд
Саяхны оюутнаас арай дээр байсан байлгvй )
Сар жилvvд тэр vеэс хойш улирсаар
Сахал ургаж би гучин намрыг vджээ.
Эргэж бодоход миний бага нас
Эрээн бараан болоод уйтгар гуниг ихтэй
Илчилгvй нvvдлийн зэрэглээт зам дээр
Эрт өнчирч орой бойжсон байна.
Аав минь, хөөрхий аав минь
Амьдрал хэмээх сархдын
Алтанхан аягыг та
Арай эрт хөмөрч дээ !
Эрт намайг орхиж
Ээжийг дvv нарыг минь орхиж
Эдvгээ би орхисон настай чинь чацуу болоод
Эл зэрэмдэг шvлгийг хэлхэж сууна.
Алаг vрийн элэг өвөрлөсөн болохоор
Аавдаа би эгэлгvй хайртай билээ
Анх vзсэн ертөнц минь гучин хэдэн он болохоор
Аав бид хоёр нэгэн гэрт багтсангvй.
Эрхэлж суусан чулуун тоглоом дээрээс минь
Эцэг бид хоёр хоёр тийшээ явсан юм.
Эргэж тэр хvн ч харсангvй, эргэж би ч харсангvй …
Эргэж сvvлд харахад тэр хvн алга байлаа.
Өмнөх vедээ би
Өстэй төрсөн ч юм уу.
Сэлгэж vлдсэн vеийнхэндээ аав минь
Сэтгэл дундуур ч байсан юм уу.
Нарийн юмыг нь би ч залхуугvй сvйтгэж
Намайг эцэг минь залхуугvй шийтгэж
Эцсийн эцэст цэрэг суран бvсний
Эр цунгийн зузаан хавдрууд vлдээгээд
Энэ биеийг минь долоохон насан дунд
Ээж дvv нарыг минь олоохон гачаал дунд
Эх орноо дэлхийн дайны сvvдэрт
Гучин долоохон насандаа орхисон.
Тэр хvнийг байхад ач гавьяагий нь мэдсэнгvй
Тээршээж бараг ад vзэхэд бэлэн байсан
Тэнэг дуулгаваргvй балчир нас минь .
Аавыг
Амьсгаа хураасан 1943 оны гантай намар
Алс өрнө зvгт Курскийн их тулалдаанд
Ажилчин тариачны хvvхэд
Аричуудын ган болд хоёр хутгалдаж
Азай буурал Европ нойр хоолгvй чичирч байхад
Арай эртдэж хугацаа нь дууссан юм.
Адайр тэнэгхэн балчир нас мину !
Тэр хvнийг явчихаар ач гавьяагий нь
Би ч ойлгосон юм.
Биш нь ч ойлгосон юм.
“ Тэнэгvvд нь vлдэж цэцэн нь явчих юм даа “ гэж
Амьдад нь хэрэлдэж муулж явсан хvн
Алгаараа нvдээ арчсан гэдэг.
Алган дээр нь
Арвайн vрэн чинээ доголон нулимс
Байсан ч юм уу
Байгаагvй ч юм уу –
Бvv мэд !
Байсан л байх болтугай.
Харин тэр хvнийг явчихаар
Ханат гэрийн минь хоймор тал
Харлан хонхойх шиг болсон юм.
Айл хот даяар тэр хvний
Аргилдуухан дуу нь vгvйлэгдэж
Айл хотлоороо өнчрөх шиг болсон юм.
Хээрийн бэлчээр сумын нутаг
Хээр морин дээр
Хэлтгийдvvхэн суусан тэр хvнээр дутаж
Хэсэгтээ өвөл болж өгөхгvй удаж
Мэгдрэхдээ
Мэнэрсэн тэнгэр манарсан газар хоёр
Мэгшин гиншин орилох шиг
Мичин жилийн их зуд болсон юм.
Байгаль хэмээх догшин эцэг
Баллуураараа
Балрын зуршил
Баячуудын омог дээрэнгvй зан
Хоттой малыг нь
Хоёр зуун сая хvргэ ! гэсэн тушаалтай хамт
Арчаад өнгөрсөн юм.
Адилхан дааруулж
Адилхан өлсvvлж
Алсын энэ нийгэмд
Овоо дөхvvлж өгсөн юм.
Олоон хvний
Омгийг нь дарж өгсөн юм.
Хvнийг муу хэлэх нь бус би ч гэсэн
Хvvхэд байхдаа
Олон удаа аавыгаа уурлуулсан
Одоо гучин жилийн хойно магтаж сууна.
Хаа ч гэсэн
Хэзээ ч гэсэн, хэнийг ч гэсэн амьдад нь
Харааж
Хавчиж
Хардаж
Хазайлгаж
Хажуу бөөрнөөс нь
Өр хонгоноос нь, улнаас нь ухаж ухчихаад
Yхэхээр нь
Yvрд садаа болохгvй болохоор нь
Өөрөөс нь урьтаж талхыг нь идэж чадахааргvй болохоор нь
Өргөн олонд
Арай дөмгvvр харагдахгvй болохоор нь
Ганц vгээр хэлбэл магтаал гарзгvй болсон цагт
Гай ч болохгvй, нэмэр ч болохгvй болсон цагт
Гашуудаж
Газар хотойтол магтдаг юм байна.
Yгvй ээ !
Yхсэн хvнд нэхэн олгох
Yнэгvй алдар, vнэгvй магтаал хэрэггvй.
Yнэн л хэрэгтэй !
Хvнийг хэнийг ч гэсэн vхэхээр нь
Хрущев шиг авсыг нь ухахгvй л байвал болоо !
( Чадалтай бол амьдад нь товлоно биз
Чадалгvй бол хохь нь )
Авсаа тонуулсан тэр сахалт хvн шиг
Аав минь тийм том гавьяатан биш
Амьтанд хал балгvй
Ард хvн байсан юм.
( Амьтанд хал балгvй явна гэдэг vнэндээ
Айхтар том гавьяа юм шvv ! )
Хооронд маань яс хаясан тэр цаг vеийн
Хол явахгvй мунхруулал арилж
Хожуу би аавыгаа ойлгож
Хосгvй өрөвдсөн юм.
Аав минь эгэл нэгэн боловч
Ааваас цааших бvх vеийг харах
Аргагvй “миний цонх” тэр хvн билээ.
Тэр хvнээр би хорьдугаар зууны эхэн vеийг харж
Тэр хvнээр би арван есдvгээр зууныг харж
Тэмцэл, цөхрөл, Амарсанаа, Чингvнжавыг харж
Тэнvvн говийн ухаантан Равжаа хутагтыг харж
Тэмvжин, Аттиль, Эртний Дорно дахиныг харж
Тив дэлхийнхээ vсэн буурал эринийг
Хvн төрөлхтний хvvхэд vетэй нь ойлгоном